Түүхэн товчоо
- Халхын Сайн ноён аймгийн дайчин вангийн хошуу.
- Зах зээлийн нийгмийн үеийн Эрдэнэцогт сумын түүхээс
- Эрдэнэцогт сумын магтаал
Халхын Сайн ноён аймгийн дайчин вангийн хошуу.
Өнөөгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр нь Хүннү гүрний үеэс монгол угсаатны нутгийн төв, ээлж дараалан сэргэн мандаж эсхүл бууран доройтож байсан олон аймаг, улсын өлгий нутгийн нэгэн билээ. Ард иргэд, угсаатных нь тухай сурвалж бичигт тодорхой тэмдэглэх болсон XI-XII зууны үед Хэрэйд ханлигийн баруун зааг, Найман нартай савласан газар байсан бололтой.
Эзэн Чингис хаан Их Монгол улсыг байгуулан улс төр, эдийн засгийн төвийг Орхоны хөндийд шилжүүлж Түйн голын сав нутгаас хоёр, гуравхан өдөр жингийн зайтай газарт нийслэл Хархорум хот байгуулагдсан нь хүн амын ахуй, амьдралд чухал нөлөөтэй үйл явдал байв.
Хожим Монголын Юан улсын төрийг мөхөөсний дараах 20-иод жилд Хархорум руу хэд хэдэн удаа уулгалан довтолсон Мин улсын их цэргийн хөл, зам гудаст хүн ард ихээхэн нэрвэгдэж зовсон ажээ.
Монголчууд XIV зууны эцэс XV зууны эхээр дорно зүгт Хянган уулс, өрнө зүгт Тэнгэр уул, умар зүгт Байгаль нуур, Эрчис, Енисейн эх, өмнө зүгт Их цагаан хэрэм хүртэл үргэлжилсэн асар уудам нутагт сарнин тархсан говь цөл, Алтайн уулс зэрэг нэвтрэхэд бэрх байгалийн саад ихтэйн улмаас бие биеэс тусгаарлагдаж чухамдаа улс төр, эдийн засгийн хувьд биеэ даасан мужууд болон хуваагджээ.
XV зууны хоёрдугаар хагасаас Монгол орон зүүн, баруун гэсэн хоёр хэсэг болж, Зүүн монгол нь дотроо зургаан түмэн буюу “Зургаан их улс” гэж нэрлэгдсэний дотор халх түмэн одоогийн Монгол улсын төв хэсэгт нутаглаж, халхын хаадын орд өргөө нь Хархорум хотын орчим төвлөрч байжээ. Энэ тухай “ Шар тууж”-ийн Халх түмний магтаалд:
- Хангайн ард нутаглан сууж
- Харийн дайсанд халх болсон
- Халуун аминд түшээ болсон
- Халх түмэн чину тэр бүхүйгээр ажаамуй гэж өгүүлжээ.
Батмөнх “Даян хаан” /1464-1517/ төр барьж байх үедээ Монголын ихэнх хэсгийг эрхшээлдээ оруулж, Мин улстай хэдэн удаа дайтсаны эцэст худалдааны харилцааг сэргээснээр олон жил үргэлжилсэн буграл тэмцэл, дайн дажин, гадаадын довтолгоо дөч шахамжил намжин зогссон тул түүхэнд ‘Tap газар, хөл хөсөр байсан үе” хэмээн тэмдэглэгдсэн аж.
Даян хааны дараа хөвгүүд нь нутаг дэвсгэрийг хуваан авч, Ойрадууд нэгдсэн улсын захиргаанаас гаран тусгаарласнаар “Зүүн гарын хаант улс”-ыг байгуулж Монгол орон дахин задарч биеэ даасан хэдэн эзэмшил болж салжээ.
Батмөнх хааны бага хатан Самар тайхугаас төрсөн, отгон хөвүүн Гэрсэнз жалайр хунтайжид халхын нутаг, хүн ам ноогдож, хойч үеийнхэн нь аргын 1922 оныг хүртэл 380 гаруй жил эзэгнэн захирсан билээ. Гэрсэнзийг нас барахад их хатан Хатунгаа Халхыг зургаан отог болгон өөрөөс төрсөн 6 хөвүүнд, Алтайн урианхайн нэг отогийг бага хатны хөвүүн Саму-буймад өвлүүлэн хувааснаар хожмын Халх долоон хошуу үүссэн байна.
Энэхүү долоон хошууны нэг нь Гэрсэнз жалайр хун тайжийн хүү Ноонох Үйзэн ноёны дөтгөөр хөвүүн Түмэнхэн/1558-1640/ Сайн ноёны хошуу юм...
Тус хошууны анхны засаг Цэвдэнжав нь Цэрэнгийн дэд хүү болно. Түүний ах Цэнгүнжав нь 1752 онд албат ардаасаа хуваан өгч түүнийг тусдаа засаг хошуу болгохыг хаанд айлтгасанд зөвшөөрч Цэвдэнжавыг засаг болгов. Халхын дундад баруун буюу Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу ийнхүү үүссэн байна.
Засаг ноён Цэвдэнжав нь 1754 оноос эхлэн цэргийн явдалд идэвхийлэн зүтгэсэн тул 1756 онд төрийн жүн ван өргөмжилжээ. 1757 онд цэргийн гавьяаны тулд түүний эцэг Цэрэнгийн шалгарсан баатар цолыг түүнд олгов.
Туслагч жанжин төрийн жүн ван Цэвдэнжав
Цэвдэнжав засаг барьсан 1752 оноос 1922 оны хоорондох 170 жил тус хошууг угсаа залгамжилсан арван засаг ноён захирч байжээ.
Үүнд:
Цэвдэнжав - Цэрэнгийн хоёрдугаар хөвүүн | 1752-1783 он /31 жил/ |
Сампэлдорж - Цэвдэнжавын ахмад хөвгүүн | 1783-1809 он /26 жил/ |
Дамиранжав - Сампэлжавын ахмад хөвүүн | 1809-1817 он /8 жил/ |
Чогсомжав - Дамиранжавын ахмад хөвүүн | 1817-1832 он /15 жил/ |
Цэрэнгомбо - Дамиранжавын гутгаар хөвүүн | 1832-1837 он /5 жил/ |
Дарамбазар - Цэрэнгомбын гутгаар хөвүүн | 1837-1854 он /17 жил/ |
Сангашири- Дарамбазарын төрсөн дүү | 1854-1884 он /30 жил/ |
Цэрэндорж- Сангаширийн ахмад хөвүүн | 1884-1894 он /10 жил/ |
Гүргэмжав- Цэрэндоржийн үеэл дүү | 1894-1918 он /24 жил/ |
Соронзонгомбо-Гүргэмжавын хоёрдугаар хөвүүн | 1918-1922 он /4 жил/ |
Туслагч жанжин төрийн жүн ван Цэвдэнжав
Хошуу ноён бүр үржил сүргийн захирагч, өртөө, харуулын дарга, даамлаас жанжин сайд хүртэл их, бага тушаалын албанд тохоогдож байж.
Засаг ноён Сампэлдорж Улиастайн Хэбэй амбан сайд, Улиастай, Улаан бумбаас Харнүдэн хүртэл Халхын хорин өртөө, Ховд хязгаар, Урианхай, Улаангом, Ил тарвагатайн гурван давхар харуул, их, үржил, мөнх сүргийг мэдэн захирч байв.
Засаг ноён Цэрэнгомбо, Дарамбазар, Сангашири нар чуулган дарга, туслах жанжны алба хашиж байсан байна.
Гүргэмжав 1910 онд Улиастайн сайд болж, цэрэг харуул, өртөөний алба, үржил сүргийг мэдэн захирч байсан юм.
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсөн 1911-1912 оны үед Улиастайн хэргийг хамаарч байсан ван Гүргэмжавт манж сайд, жанжинг үлдэн хөөх хэргийг Нийслэл хүрээний засгийн газраас даалгаж хавсран шийтгүүлэхээр бэйс Дэмчигванжил, гүн Галданцэрэн нарыг илгээжээ. Улиастайн манж сайд, түшмэд нь цэрэг энгийн нийлсэн 1.0 мянга гаруй хүнийг зэвсэглэн, хүнс нөөцөлж байнга сургуулилах зэрэг бэлтгэл хийлгэж эсэргүүцэхээр завдсан ч гаднаас тусламж авах найдваргүй болсны зэрэгцээ Монгол сайдын газраас энгийн хятад, манж иргэдэд тайвнаар аж төрөхийг сайтар ухуулан таниулсанаар ихэнхи нь ердийн ажил амьдралдаа эгэн орсон бөгөөд 1912 оны 1-рсард Монгол хязгаараас зайлж явах шаардлагыг хүлээн авсан байна.
Энэ тухай сурвалжид дурьдсанаар Монгол сайд Дайчин ван Гүргэмжав, Илдэн гүн Гомбосүрэн нар манлайлан олон түшмэдийн хамт зөвлөлдөн харъяат монгол цагдаа, цэргүүдийг бэлтгэж... цөөн тооны монгол цэргүүдийг өмнө этгээдэд жагсаан сүрийг бадруулаад Сангийн хотын өмнөд хаалгыг хашгиран нээж орсон...” гэжээ.
Ийнхүү бичиг данс, сан хөмрөг, мал сүрэг, буу зэвсгийг бүртгэн хураасан бөгөөд манжийн үеийн өртөө, цэрэг харуулыг татан буулгасан байна. Гүргэмжавыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын үйл хэрэгт хүчин зүтгэж тулгар төрийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн Богд хаант Монгол улс зэрэг, хэргэм ахиулан шагнажээ.
Гүргэмжав ван нилээд биерхүү, төлөв шудрага, эрдүү зан ааштай, нутаг усаа хайрладаг, ард иргэдийн амьдрал ахуйг анхаардаг, нийт олноороо “Буурал ноён” хэмээн хүндэтгэдэг байсан тухай ахмад үеийнхэн дурсдаг.
Гүргэмжав вангийн хатан Сономдагва дөрвөн хүү, нэг охин төрүүлсний хоёр дахь хүү Соронзонгомбо хошууны засаг ноён залгамжилж, хоёр хүү нь тойн лам болсон байна.
Буурал ноён буюу Гүргэмжав ван
Дайчин вангийн хошуу 1918 оны байдлаар 471 өрх, 2639 хүн амтай байсны 29 нь тайж, 616 нь сум ард, хамжлага нар, 756 нь лам нар, мөн морьтой, явган хонуучин, бадарчин, хэрмэл цагаач 124 хүн байжээ.
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад Жавзандамба хутагт Богд хаан тус хошууны засаг ноён Гүргэмжавт үе улиран дайчин засаг цол, төрийн жүн вангийн хэргэм шагнасан тул тус хошууг үүнээс хойш Сайн ноён хан аймгийн Дайчин засгийн хошуу хэмээн нэрлэх болов. 1923 оны засаг захиргааны шинэчлэлээр Цэцэрлэг мандлын аймгийн Түйн голын хошуу хэмээн өөрчилж Их-Овоо, Хөшиг уул, Хөх нуур, Эрдэнэцогц зэрэг 4 сумтай болгов.
1925 оноос “Эрдэнэцогц” нь “Эрдэнэцогт” гэж нэрлэгдсэн түүхтэй.
Энэ цаг үеэс эхлэн Засаг захиргааны нэгжүүд үүсч, ард иргэд хуран цугларч, хурал чуулган хийн эхэлсэн байна.
1944 оны 11 дүгээр сарын 18-нд сумын захиргааны дээд эрхийг барих тайлан сонгуулийн хурал хуралдаж, 1940 онд батлагдсан Үндсэн хуульд заасны дагуу 50 хүн тутмаас 1 төлөөлөгч сонгогдон, сумын Захиргааны Тэргүүлэгчдээр Цэнд, Жанцандорж, Загар, Дамидаа, Гомбодорж, Цэвэл, Чойдон, Лхамхүү, Лонжид, Лхамсүрэн, Сономсамбуу, Цэдэн, Гэндэндорж нарын 13 хүнийг сонгож, захиргааны даргаар Загар, орлогч даргаар Жанцандорж нарыг сонгожээ. 1947онд тайлан сонгуулийн хурал хуралдаж, 12 багийн хөдөлмөрчдийн хурлаас сонгогдсон 31 төлөөлөгч оролцож, засаг захиргааны зохион байгуулалт болон Улсын сайн малчдын зөвлөгөөний дүнгийн тухай хэлэлцсэн байна.
АИХ-ын 1952 оны 56 дугаар зарлигийн дагуу орон нутгийн Засаг захиргааны сонгууль явагдаж, аймгийн хөдөлмөрчдийн хурлын депутатаар 4, сумын депутатаар 30, багийн депутатаар 60 хүнийг, 1954, 1956 оны Засаг захиргааны сонгуулиар аймгийн депутатаар 4 хүн, сумын депутатаар тус бүр 30 хүн, багийн депутатаар 42 хүнийг, 1959 оны сонгуулиар аймгийн ХДХ-ын депутатаар 7 хүнийг, сумын депутатаар 39 хүнийг, сумын Захиргааны тэргүүлэгч гишүүнээр 9 хүнийг тус тус сонгон баталжээ. Сумын хурал нь тухайн үедээ мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу Гүйцэтгэх Захиргааны даргаар удирдуулан үйл ажиллагаагаа явуулан, сум орныхоо нийгэм эдийн засгийн хэтийн болон ойрын зорилт, хамтын удирдлагын зарчмаар ажиллаж байгаад 1992 оныг хүрсэн байна.
Зах зээлийн нийгмийн үеийн Эрдэнэцогт сумын түүхээс
1990 оны Цагаан морин жилийн хувьсгал гарч нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжсэн он жилүүдэд өөр өөрийн онцлог шинжүүдийг агуулсан жил жилийн урсгал хөвөрсөөр байв. 1990-1991 он ардчилал шинэчлэл гэж гарсан олныг хамруулсан өөрчлөлт шинэчлэлийн жилүүд байсан бол 1992-1993 он өмч хөрөнгийн хувьчлал, хувьцаагаар шуурч эдийн засгийн уналтын жилүүд байж, 1993-1996 он төр тогтворжих нааштай уур амьсгал бий болж ард түмэн ардчилсан төрийн зөв ойлгоцтой болсон бол, 1996-2000 он төрийн бодлого тогтворжсон он жилүүд, төрийн бус байгууллагууд үүсч хөгжих хувийн аж ахуйтан бий болох үндэс суурь нь тавигдаж тэдэнд ээлтэй он жилүүд байв.
Монгол Улсын үндсэн хууль (1992 он), Засагзахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удидлагын тухай хуулиудын дагуу тус суманд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн төлөөлөгчдийн хурал, Багийн иргэдийн нийтийн хурал байгуулах асуудал 1992 оны гуравдугаар улиралд эхэлж, Сэнжитийн нэгдүгээр багийн ИХ-ийн анхдугаар хурал мөн оны 9 дүгээр сарын 11-нд, Ямаатын хоёрдугаар багийн хурал 18-нд, Өвгөнжаргалантийн гуравдугаар багийн хурал 17-нд, Жанжины дөрөвдүгээр багийн хурал 15-нд, Илбэхийг тавдугаар багийн хурал 18-нд, сумын төвийн зургаадугаар багийн хурал 19-нд тус тус хуралдаж, багуудаас 30 хүнийг ИХ-ын төлөөлөгчөөр сонгосон болно. Шинээр сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1992 оны 9 дүгээр сарын 21-нд хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Ш.Далайг, нарийн бичгийн даргаар Д.Батааг сонгон, Я.Чулуундоржийг сумын засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, аймгийн засаг даргад өргөн мэдүүлснээр тус суманд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэлдэн тогтсон түүхтэй.
1990-1992 оны үед шинээр бүтээн байгуулах ажил зогсож, өмнө нь бүтээн байгуулалтаа нурааж түйвээсэн он жилүүд байсан гэхэд хилсдэхгүй. Нэгдсэн халаалт хаагдаж төсвийн санхүүжилт ирдэггүйгээс болж цалин, тэтгэвэр цагтаа буухаа больж, төсвийн байгуулллагуудын хүчин чадал суларлаа. Сумын засаг даргын тамгын газар УА.3-452, хүний их эмчийн салбар УАЗ-469 машинтай суманд өөр төрийн өмч байгаагүй тачирхан байдлаар үйл ажиллагаа явуулж байсан тэр үед Я.Чулуундорж дарга өөр ажилд шилжих болсны улмаас 1993 онд сумын засаг даргын сонгууль болж Ц.Эрдэнэ-очир засаг даргаар сонгогдон ажилласан юм. Тэр үед нэгдсэн халаалттай уурын зуух хаагдсаны дараа засаг даргын тамгын газар гэр барьж, гэрт конторлож байсан ба сургууль, хүний их эмчийн салбар зэрэг байгууллагууд цонхоороо яндан гаргаж галлан утаа униар дунд үйл ажиллагаа явуулж байсан юм. Бас нэг хүндрэл нь нүүдэл суудал, сургуулийн хүүхдийн завсардалт асар их гарч байсан нь тэр үеийн олон залуусын сурч боловсроход сөрөг үр дагавар авчирсанд харуусал төрдөг юм. Цөөн буурай малтай хүмүүсийн амьдрал хүндэрч нэг хэсэг нь аймаг хот бараадан нүүж шилжиж байхад, зарим хэсэг нь хувийн хэдэн малаа бараадуулах малчин болгох нэрээр хүүхдүүдээ сургууль завсардуулж байсан юм.
Сумын тогтвортой хөгжлийн XXI зууны хөтөлбөр, орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутаг, түүх соёлын дурсгалт зүйлүүдийг хамгаалах, ашиглах горим, мал сүрэг, газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, соёл, байгаль орчин, нийгмийн халамж, ахмад настны талаар авах арга хэмжээ зэрэг дэд хөтөлбөрүүдийг 2 удаа, төв суурин газрын айл өрх, албан байгууллагууд, төрийн албан хаагчдын үйл ажиллагаандаа хэвшүүлэх ба хориглох зүйлүүд, хурлын байгууллага, засаг даргаас бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөр, тухайн оны эдийн засаг ниигмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв хөрөнгө, сумын эдийн засгийн гол салбар болсон сарлаг үхрээ өсгөн, ашиг шимийг нэмэгдүүлэх, “сарлаг” хөтөлбөр, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягддыг боловсронгуй болгох менежмент зэрэг сум орны хөгжил цэцэглэлттэй холбогдолтой урт ба богино хугацааны баримт бичгүүд дүрэм, журмыг батлан гаргаж, үр дүнг тооцон ажиллаж ирсэн нь үр дүйгээ өгсөн болно.
Энэхүү 14 жилийн хугацаанд сумын ИТХ-ын тэргүүлэгчид 206 удаа хуралдаж, 935 асуудал (давхардсан тоогоор) авч хэлэлцэн, 1594 заалт бүхий 587 тогтоол гаргасны 93,9 хувь нь нийтлэг хэм хэмжээ тогтоосон, бодлогын чанартай, сум орны хөгжилд нөлөөлөхүйц шийдвэрүүд байна. Энэ бол сумын ИТХ-ын тэргүүлэгчид нь сумын ИТХ-ын хуралдааны чөлөө цагт “Хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад асуудлыг хуралдаанаараа авч хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтаа бүрэн хэрэгжүүлж, тус суманд НӨУЁ-ны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулж ирсэний нотолгоо болж байна.
Сумын ИТХ-ын байгууллагын 1992-1996 оны үндсэн зорилт нь НӨУЁ- ны байгууллагыг төлөвшүүлэн, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, сум, багийн иргэдийн төлөөлөгчдийн ба иргэдийн нийтийн хурлын үндсэн зорилт, чиг үүргийг иргэдэд ойлгуулах, иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагааг зах зээлийн харилцаанд шилжүүлж, түүний мөн чанарыг ойлгуулах, мал сүргийн тогтвортой өсөлтийг ханган ашиг шимийг дүүрэн ашиглах зэрэг үндсэн зорилт байсан бөгөөд энэхүү зорилтоо “Амжилттай биелүүлсэн” гэж 1996 оны 6 дугаар сарын 30-нд хуралдсан сумын ИТХ-ын аравдугаар хуралдаанаас дүгнэв.
Энэ 4 жилд сумын ИТХ-ын байгууллагаас анхаарч ирсэн нөгөө нэг гол асуудал бол НӨУЁ-ны байгууллагын анхан шатны нэгж болсон багуудын иргэдийн нийтийн хурал, түүний тэргүүлэгчдийн үйл ажиллагааг тогтмолжуулан, түүний бие даасан байдлыг хөгжүүлэх, сайжруулах явдал байлаа.
1992 оны 9 дүгээр сард хуралдсан багуудын ИНХ-ын анхдугаар хуралдаан болж багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгон ажиллуулснаар НӨЁУ-ны байгууллагын анхан шатны нэгж болсон багийн ИНХ-ын үйл ажиллагаа эхэлсэн болно. 1996 онд орон нуттийн сонгуульд Ардчилсан хүчин олонхийн санал авч ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Д.Жаргалбат, засаг даргаар Мятавын Цэрэндорж нар сонгогдож,
Сумын ИТХ-ын байгууллагаас 1996-2000 оны хоорондох дөрвөн жилд “Сумын тогтвортой хөгжлийн XXI зууны хөтөлбөр, байгаль орчноо хамгаалах хөтөлбөр”, “Эрдэнэцогтыг бүсчилсэн хөгжилд хамруулах үндсэн чиглэл” зэрэг ойрын 4-20 жилд баримтлах сумын бодлого, чиглэлүүдийг батлаж,
Орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн шинэ хуулиар Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ч.Гомбодорж, Х.Гомбо нар сонгогдож, сумын ИТХ- ын анхдугаар хуралдаан 2000 оны 10 дугаар сарын 26-нд хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Эрдэнэ-Очир, нарийн бичгийн даргаар Т.Цэцэгбадам (орон тооны бус), ажлын албаны ажилтнаар Д.Батаа нарыг сонгож, Х.Гомбыг сумын засаг даргад нэр дэвшүүлэн, аймгийн засаг даргад өргөн барьснаар сумын ИТХ- ын байгууллагын 3 дахь удаагийн дөрвөн талын үйл ажиллагаа эхлэв.
2000 оны арван хоёрдугаар сарын 27-нд хуралдсан сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар сумын ИТХ-ын байгууллагаас 2000-2004 онд зохиох ажлын үндсэн чиглэл, сумын засаг даргын бүрэн эрхийг хугацаандаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлаж, сумын НӨУЁ- ны байгууллагаас энэ дөрвөн жилд баримтлах гол бодлогыг дор дурьдсанаар батлав.
- Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ), түүний тэргүүлэгчид нь сахилга, дэг журмыг бэхжүүлж, ажлын хариуцлагыг өндөржүүлэн, хүн бүр хариуцсан ажил, албандаа эзэн болж, цагийн ажлыг цагт нь чанартай гүйцэтгэдэг хэвшлийг өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлэх
- Сумын ИТХ, тэргүүлэгчид нь төр, Засгийн хууль тогтоомжийн хүрээнд, НӨУЁ-ны байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэхэд шинэ сэтгэлгээ, шинэлэг арга барил, эрчимтэй ажиллагаагаа дайчлан ажиллах
- Сумын ИТХ, түүний тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудлыг зөв сонгон авч хэлэлцэн, шийдвэрлэхийн тулд иргэд, мэргэжлийн сэхээтнүүд, төрийн батөрийн бус байгууллагын идэвхтэн, сонгуультны санал, хүсэлтийг байнга анхааралтай суддан, жил, улирлын ажлын төлөвлөгөөндөө тусган гаргах шийдвэрээ оновчтой болгож, шийдвэрийнхээ биелэлтийн үр дүнг нарийн тооцон, хэрэгжүүлэх
- Сум, багийн засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн төлөөлөгчдийн буюу тэргүүлэгчдийн хуралдаан, багийн ИНХ- аар график, төлөвлөгөөний дагуу хэлэлцүүлэн, иргэдээр үнэлэлт, дүгнэлт өгүүлж ажиллах
- Сумын эдийн засаг, нийгмийн байдлыг он, оноор (2000 - 2004 он) нь харьцуулан авч үзэн, дүгнэлт хийлгэж цаашдын зорилтыг тодорхойлж байх
- Тулгамдсан аливаа бэрхшээлтэй асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлаар авч хэлэлцэн, шийдвэрлэж байх
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бүх нийтийн амгалан тайван байдлыг хангахад төрийн ба төрийн бус байгууллагуудын дотоодын хяналт, ажлын уялдааг сайжруулан, шаардлагыг өндөрт тавьж ажиллах
- Сум орныхоо өнгө төрх, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд боловсролоор дамжуулан ядуурал, ажилгүйдлийг багасгана гэж тодорхойллоо.
Энэ 8 зорилт бол сумын ИТХ-ын байгууллагаас 2000 - 2004 оны гол баримтлах бодлого, чиглэл, мөрийн хөтөлбөр байв. Сумын ИТХ-ын байгууллага энэхүү үндсэн бодлого, чиглэлээ хэрэгжүүлснээр НӨУЁ- ны байгууллага, иргэдийн өдөр тутмын бодит харилцаа бэхжин, тус суманд нутгийн өөрийн удирдлага бүрэн төлөвшин бэхжиж, бие даах үйл ажиллагаагаа явуулах боломж баталгаажих ёстой байлаа. Сумын ИТХ-ын байгууллага үүнийгээ хэрэгжүүлж ажилласны дүнд 2001 онд “Ажил нь тогтмолжсон ИТХ” гэсэн үнэлгээг аймгийн ИТХ-ын байгууллагаас авч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байв.
2000-2004 онд НӨУЁ-ны байгууллагын анхан шатны нэгж болох багуудын ИНХ-уудын үйл ажиллагаа, бие даасан байдал өмнөх жилүүдээс харьцангуй дээшилж, багийн ИНХ-ын тэргүүлэгчид, түүний дарга нарын ажлын мэдлэг дээшлэн тогтворжиж, багийн засаг дарга нартайгаа хамтран ажиллах ажиллагаа сайжирсан болно. Ингэснээр багийн ИНХ- ын тэргүүлэгчдийн дарга Ц.Гомбо, С.Сэр-Од, М.Дагвабазар нар жил, улирлын ажлын түвшингээрээ тогтмол шалгаран, шагналт байранд орж, сумын ИТХ-ын байгууллагын шагнал, урамшууллыг авч байв. Эрдэнэцогт сумын ИТХ-ын байгууллага нь анх үүссэн цагаасаа эхлэн сум, багийн Хурлын байгууллагын идэвхтэн, сонгуультнуудынхаа ажлыг улирал, хагас жилээр тусгай үзүүлэлтээр шалгаруулан болзол биелүүлсэн идэвхтэн, сонгуультнаа 1992 - 2005 онд 1000 - 5000 төгрөгөөр, 2006 оноос 1000 - 10000 төгрөгөөр шагнан урамшуулж ирэв. Энэ нь хурлын байгууллагын идэвхтэн, сонгуультнуудыг сонгуульт үүргээ чанартай биелүүлэхэд зохих үр дүнгээ өгч байсан юм.
2004 оны 10 дугаар сарын 17-нд “ Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль” болж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 4 хүний нэр дэвшсэнээс Д.Алгаа, Д.Юндэнбазар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, сумын ИТХ-ын төлөөлөгчид 20 хүн олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчдөөр сонгогдлоо.
Энэ анхдугаар хуралдаанаар Ц.Эрдэнэ-Очир олонхийн саналаар ИТХ- ын дарга болж,
Д.Жаргалбат /орон тооны бус/ нарийн бичгийн даргаар тус тус сонгогдсон юм. 2005-2008 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэл, засаг даргын мөрийн хөтөлбөрийг тус тус батлаж, хурлын байгууллагаас энэ 4 жилд баримтлах бодлого, гол үндсэн чиглэлийг:
- Иргэддээ үйлчлэх төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлага, чадавхийг өндөржүүлж, ИТХ-ын байгууллага гаргах шийдвэртээ иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ил тод байдлыг хангах
- ИТХ, гүйцэтгэх засаглалын байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах
- Төр, Засгийн хууль тогтоомж нь болон аймаг, сумын бодлого шийдвэрийг иргэдэд шуурхай хүргэн сурталчилж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэн, хүний эрх, эрх чөлөөг хангаж, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах
- Хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлж, айл өрхийн амьдралын чадавхи, түвшинг дээшлүүлэн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг ханган, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан зах зээлийг хөгжүүлэх өрхийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн бодлого явуулан, боловсрол, соёл, үндэсний өв уламжлалыг дээдэлсэн, хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалж, сум орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд чиглэсэн хүний хөгжлийн бодлого явуулна гэж тодорхойлов.
Мөн сум орноо хөгжүүлэх хэтийн ба дунд, богино хугацааны бодлого, чиглэлүүдийг гаргана гэж үндсэн чиглэлдээ тусгаснаар удаан хугацаанд хэрэгжих “Сарлаг” хөтөлбөр, ойрын жилүүдэд боловсрол, соёл, үндэсний өв уламжлалыг дээдэлсэн, хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалж, сум орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд чиглэсэн хүний хөгжлийн бодлого явуулна гэж тодорхойлов. Мөн сум орноо хөгжүүлэх хэтийн ба дунд, богино хугацааны бодлого, чиглэлүүдийг гаргана гэж үндсэн чиглэлдээ тусгаснаар удаан хугацаанд хэрэгжих “Сарлаг” хөтөлбөр, ойрын жилүүдэд боловсрол, соёл, эрүүл мэнд, мал хөдөө аж ахуй, газар тариалан, нийгмийн халамж, үйлчилгээний салбаруудыг хөгжүүлэх дэд ба стратеги төлөвлөгөөнүүдийг батлан гаргав. Түүнчлэн энэ 4 жилд сумын ИТХ-ын байгууллага нь сумын эдийн засаг, нийгмээ тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв төлөвлөгөөг батлан, өмнөх оны хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгч ирэв. Ингэснээр 2005, 2008 оны үндсэн чиглэл зохих ёсоор хэрэгжиж сумын ИТХ-ын байгууллага аймгийн тэргүүний байгууллагын өргөмжлөл иж бүрэн тавилгаар шагнуулсан юм.
Сумын ИТХ байгуулагдсан хугацаанд Х.Гомбо, Д.Батаа, Ц.Эрдэнэ- Очир, Д.Жаргалбат, Х.Мэндбаяр нар 6, Х.Лхамсүрэн, С.Сэр-Од, Х.Ёндонжамц, 5, Ч.Дүгэрсүрэн 4 удаа сумын ИТХ-ын төлөөлөгчөөр, Д.Жаргалбат 5, Д.Батаа, Ц.Эрдэнэ-Очир 4, П.Баатар, Ц.Чулуунхүү, Х.Гомбо нар 3 удаа сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр сонгогдсон нь хамгийн олон удаа сумын ИТХ-ын төлөөлөгч ба тэргүүлэгчдээр сонгогдсон хүмүүс болно. Мөн тус суманд НӨУЁ-ны байгууллага болох ИТХ бий болсон 1992 оноос эхлэн Дампил овогтой Батаа 2006 оныг дуустал 14 жил орон тооны ба орон тооны бус нарийн нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнаар тасралттүй ажилласан тул сумын НӨУЁ-ны байгууллагыг үүсгэх, бэхжүүлж, хөгжүүлэхэд идэвх, чармайлттай ажиллан, мэргэшин
дадлагажсан учир энэ чиглэлийн ажлаараа 1995 онд “Төрийн захиргааны ажилтны тэргүүн” зэргийг хамгаалж, 2005 онд ИТХ-ын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж байлаа.
Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг 2008-2012 онд 11 удаа, ээлжит бус хуралдааныг 4 удаа хуралдуулж, ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, түүний хэрэгжилт, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, түүний биелэлт, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилт, сумын төсвийн гүйцэтгэл, төсөв батлах, сумын хүн амын эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, багийн дарга нарын ажлын мэдээлэл, сумын мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын байдал, цаашдын зорилт зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэн, Монгол мал, Мал аж ахуй, Газар тариалан, Боловсрол, Эрүүл мэнд,Соёл, Нийгмийн хамгааллын салбаруудыг хөгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг батлан, суманд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийг хэрэгжилт, үр дүнг тооцон ажиллаж, сумын ИТХ-ын 2009-2012 оны үндсэн чиглэл, сумын Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр 90 гаруй хувьтай дүгнэгдсэн. Тэргүүлэгчдийн хуралдааныг 74 удаа хуралдуулж, 348 тогтоол шийдвэр гарган, 20 гаруй ажлын төлөвлөгөө, 10 гаруй журам гарган, 100 гаруй ажлын тайлан мэдээлэл хэлэлцэн, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тооцон, Тэргүүлэгчдийн жил бүрийн ажлын тайланг ИТХ- ын хуралдаанд танилцуулж хэвшсэн. Мөн аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-д зөвлөсөн заалтыг хагас, бүтэн жилээр хэрэгжилтийг тооцон гарган хүргүүлж байна.
Сумын ИТХ-нь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлээ гаргаж иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай ИТХ- ыг төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр орон нутгийн тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор 4 хурлын хороодыг байгуулан ажиллаж байна.
2011онд Эрхэт, Тамчийн нутгийн иргэдийн санал хүсэлт, БИНХ-аас гарсан шийдвэрийг аймгийн ИТХ-д уламжлан төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор шинээр баг байгуулагдсан.
2013 оны 2 дугаар сард хуралдсан БИНХ-аар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн 1 дүгээр багийн ИНХ-ын даргаар Ц.Гомбо, багийн Засаг даргаар Х.Мэндбаяр, 2 дугаар багийн ИНХ-ын даргаар О.Гантулга, Засаг даргаар Д.Эрдэнэчулуун, 3 дугаар багийн ИНХ-ын даргаар Д.Төрсайхан, Засаг даргаар Г.Цэрэндорж, 4 дүгээр багийн ИНХ-ын даргаар Д.Энхтайван, Засаг даргаар О.Мөнх-Эрдэнэ, 5 дугаар багийн ИНХ-ын даргаар Б.Дорждэрэм, Засаг даргаар Д.Ринчинноров, 6 дугаар багийн ИНХ-ын даргаар Т.Пүрэвбаатар, Засаг даргаар Г.Сандагдорж нар сонгогдон ажиллаж байна.
Өнгөрсөн он жилүүдэд сум орон нутагт НҮБын Хөгжлийн хөтөлбөрийн “Бэлчээрийн тогтвортой менежмент”, “Дэлхийн зөн” “Ногоон хувьсгал” “Адра” МУЗН зэрэг төрийн бус байгуудагуудын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж, хөрөнгө мөнгөний тусламж дэмжлэгүүд орж ирж байлаа. Сургууль завсардсан хүүхдэд албан бус боловсролоор сургалт явуулж нөхөн боловсрол олгох ажил явагдаж сургалтын чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн юм.
Цэрэндорж овогтой Төмөрбаатар нь Эрдэнэцогт сумын Засаг даргаар 2008 оноос хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаагийн зэрэгцээ, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2012 оноос сонгогдон ард түмнээ, аймагтаа төлөөлөн ажиллаж байна...
Эрдэнэцогт сумын магтаал
Аяыг ерөөлч, магтаалч Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж
Үгийг Эрдэнцогт сумын уугуул Н.Цэрэндорж
Хайрхан өндөр бараатай
Хангай хөвчийн уулстай
Хад асган хясаатай
Харз усан ундрагатай
Дөрвөн цагийн аясаар
Дүүрэн булгийн ундрагатай
Дөрвөн жаргалант гол нь
Дөрөө цохисон харгиатай
Хөшөө чулуун дурсгалтай
Хүлээн тоссон даваадтай
Ам болгон нь рашаантай
Ариун тунамал боргиотой
Түйн голын урсгалд нь
Тунгалаг долгис наадсан
Тэртээх ханхар уулс нь
Дүрээ тольдон мишээнэ
Уулс талын бэлчээртэй
Удамт дээдсийн буянтай
Таван эрдэнийн сүрэгтэй
Тэнүүн сайхан хөдөөтэй
Сарьдаг өндрийн оройгоор
Салхин исгэрээн уянгатай
Царам хангай нурууд нь
Сарлагын бух тошоотой
Шинс модон хүрэмтэй
Шилмүүст ногоон нөмрөгтэй
Байгалийн үзэсгэлэн цогцолсон
Баянхонгорын Эрдэнэцогтоо
Дахилт: Буурал дээдсийн өлгий нутаг
Буян нь дэлгэрсэн Хангай нутаг
Будант уулсын шүтээн нутаг
Буман жилдээ өлзийтэй нутаг аа
Хяруу мөнгөн шүүдэртэй
Хажлага номин ойтой
Хаш чулуун цохиотой
Хан уулсын нөмөртэй
Баатар вангийн хошууд нь
Барцад нүүрлэх учиргүй
Бэлгүүн хээр ажнайг нь
Босоо бунхалсан түүхтэй
Хөхөөн дууны аялагатай
Хөгжим найргийн эгшигтэй
Халиун бугын дуудлагатай
Хурдан хүлгийн шандастай
Хүй дарсан чулуу нь
Түй, Жаргалант голынх оо
Хүмүүн заяанд өлгийдсөн
Төрж өссөн газар шороо
Дахилт: Буурал дээдсийн өлгий нутаг
Буян нь дэлгэрсэн Хангай нутаг
Будант уулсын шүтээн нутаг
Буман жилдээ өлзийтэй нутаг аа
Баатар гавъяат алдартнууд
Төрж өссөн нутаг юм
Ухаант номч мэргэд
Улсын аварга малчид ч бий
Гарьдын хурдан хонгор
Балжирын цоохор азрагатай
Уран мэхийн гайхамшиг
Улс аймгийн цолтнууд юм
Сэрүүн сэмчин дуганатай
Цэрвүү холын намтартай
Цэвэр болор рашаантай
Сувилахуйн увидаст Шаргалжуут
Эрхэт, Ёл, Баянзүрх
Дөш дөрвөн хайрхантай
Уулсын дундаа бадамласан
Булган сортой Хангай минь
Оюун ухаан дээдэлсэн
Шатар чулуун хөшөөтэй
Шадар вангийн цэргүүдийн
Шав тавьсан буурьтай
Дахилт: Буурал дээдсийн өлгий нутаг
Буян нь дэлгэрсэн Хангай нутаг
Будант уулсын шүтээн нутаг
Буман жилдээ өлзийтэй нутаг аа
Газар нутагт идээшсэн
Таван түмэн сарлагтай
Гадна дотны гийчдийг
Идээ цагаа элбэг дайлсан
Удаан жилийн түүхтэй
Удам дамжсан шүтлэгтэй
Хол ойрдоо ховорхон
Хорин хурууны наргиантай
Хадган цэнхэр хангайтай
Хавцгайн цагаан хүрхрээтэй
Хаш боржинт Буган чулуу
Хадан цохиот Цогтын овоо
Эрдэнэс баялаг цогцолсон
Эмийн ургамал цэцэглэсэн
Энхжин мөнхжихийн ерөөлтэй
Эрдэнэцогт миний нутаг
Дахилт: Буурал дээдсийн өлгий нутаг
Буян нь дэлгэрсэн Хангай нутаг
Будант уулсын шүтээн нутаг
Буман жилдээ өлзийтэй нутаг аа
Газар нутаг
Монгол орны баруун зүгийн нутгийн зүүн хэсэгт хангайн нурууны салбар уулсын өндөр уулын бүсэд, дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн 46,5 градус баруун уртрагийн 101 градуст, далайн төвшнөөс дээш 1800-3500 метрт өргөгдсөн 409,7 га газрыг эдлэн оршино. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь Улаанбаатар хотоос 648 км аймгийн төвөөс 28 км –т оршдог. Нийт нутгийн 77,3 хувийг малын бэлчээрийн талбай, 10,4 хувийг ой мод, хяр нуруу, хад асга, 6.3 хувийг хадлан тариалангийн талбай, 6 хувийг голын ус, сайр, хайрга эзлэн оршдог.
Сумын нутгийн хамгийн өндөр цэг нь Эрхэт хайрхан бөгөөд далайн төвшнөөс дээш 3535 метр өргөгдсөн. Овгор хүрэн, Мянган угалзын нуруу, Ёлын тогоо, Баянзүрх хайрхан мэт өндөр уулс Хөлс сая, Хөлчүүт, Намын Гялалзах, Тонгорог, Цагаан хад, Хөлсая, Суу, Илбэх, Хужирт, Ар гурван таг, Нэвш, Хошгот, Баяндаваа, Агуйтын дарцагт, Эрхэт хайрханы цаст анаг царам, аглаг сүрлэг уулс, Овоот, Гүүт, Хээр, Асгамба, Жаргалант, Дөвөнт, Хүйтэн сайр, Хөх ганга, Гучингийн ухаа шаргал нурууд үргэлжилнэ. Уул нуруудын хооронд Хөх бүрд, Шар бүрд, Дуурсах, Шар хөндий, Талын гүн гээд хөв цайдам, гүвээ толгод, хөндий, хоолой, хөнөг цав, дэл сэрвэн алагласаар бэсрэг толгод, аараг оорцог тээгүүд үргэлжлэн говирхог тал хөндий болон цэлийнэ.
Зодох, Хөвшихийн 13 тээг, Улаан, Цагаан 5 өнгийн дэл, 300 өвөлжөөтэй Гучингийн нуруу, холбоо найман нууртай урд Үүдийн хөндий, 150 м хөндлөн огтлолтой 30-40 м гүн бүхий Дөш хайрхан /сөнөсөн галтуул/, хагас сая жилийн тэртээ балар эртний хүн амьдарч байсан Уран хайрхан уулын бууц газар, 2,5 м өндөр Тамчийн цагаан хөшөө, Цагаан дэлийн агуй, Мэлтэсийн тээгийн хадны бичээс, сүг зураг, Хөх бүрдийн хүн чулуу, Доромтын таван хөшөө, шатар чулуу, нохой чулуу, Нарийн гол, Уу булан, Улиастай, Цагаан эрэг, Хүрэн толгой, Дархан давааны усалгаатай талбай, далан, сувгийн оромж, Түйн голын Бор толгойн хотын туурь, цонж хэрэм, Хужирын голын амны буган хөшөө, Уртын хар, Түйн голын өртөө зам зэрэг байгаль түүхийн дурсгалаар баялаг газар нутаг олон бий.
Ундармал устай булаг, шанд олонтой бөгөөд хангайн нуруунаас эх авсан Түй, Урт, “Хужир”, Шаргалзуут, 4 жаргалант, Үхэг, Өртөмт, Намын гол зэрэг голын сав нутаг, түүнд нийлэх 38 гол горхи, 50 гаруй булаг шанд, Цагаан нуур, Хөх бүрд, Үүдийн нуур зэргийг ай савандаа нэгтгэсэн Түйн гол нь тус аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянхонгор сумдын нутгаар дамжин 243 км урсан Орог нуурт цутгадаг. Түйн гол нь Баянхонгор аймгийн төвийн хүн амын ундны усны эх /усан сан/ үүсвэр юм.
Сумын нутагт Шаргалзуут, Дөрөлж, Цагаанбулаг, Сонгинотын харз зэрэг халуун хүйтэн усны ундаргатай олон рашаантай.
Нутгийн хойт уулсыг даган ургасан хар мод, бор цагаан бургас, далан хайлс, чаргай зэрэг шилмүүст мод ургадаг. Зарим уулархаг нутгаар бүүргэнэ, боролзгоны толгой, зэрлэг сахилдаг, үхэр хулгана, мэхээр, сонгино, цагаан төмс, айргана, алтан гагнуур, алтан хундага, царван, нохойн хошуу, гоньд, ванчингарав, хөх шар дэгд, цагаан түрүү, эрээн гомбо зэрэг эмийн ургамал ургадаг нь монгол орны эмийн ургамалын үндсэн хэсгийг бүрдүүдлэг. Сумын нутагт чулуун нүүрс, хар тугалга, цахиуржсан мана, алт зэрэг ашигт малтмалаас гадна барилгын материал шар хөх элс, цайвар наанг шавар, хүрмэн чулуу зэрэг байдаг.
Өндөр уулын бүсэд аргаль, янгир, дорго, хэрэм, жирх, чоно, үнэг, хярс бор цагаан туулай, мануул, тарвага зэрэг амьтад нутагшин амьдардаг. Жигүүртнээс сойр, тас , ёл, уйл харцага, хойлог, тоншуул, хэрээ, шаазгай, тагтаа, турлиах, болжмор, алаг ятуу, ногтруу зэрэг шувууд элээ, галуу, нугас, ангир, өвөөлж, хун, бор галуу, тогоруу, цахлай гэх мэт нүүдлийн шувууд байдаг.
Шаргалжуутын рашаан
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
Судалгааны дүгнэлтээс үзэхэд олонх булаг рашаанууд нь нэг төрөлд багтах ба зарим рашаан нь халууны хэмжээ, орчны урвал зэргээрээ ялгаатай боловч гидрокарбонат, карбонат, сульфатлаг натри голлож, халуун нь 43-95 хэмийн хооронд хэлбэлзэж байжээ. Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй.
Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ.
Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг. Жилд нийт сувилуулсан хүний 40.5% буюу 1850 хүртэл хүн нь Улаанбаатар хотоос ирж сувилуулдаг байна. 470-600 хүн нь Баянхонгор аймгийн харъяат хүмүүс байдаг байна. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.
“Шаргалжуут” хэмээх нэрийн учир: Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна.
Тал хангай хосолсон байгалийн баялаг элбэгтэй урсгал усны их ундаргатай ийм сайхан нутагтаа, ураг удмаараа өвлөн ирсэн уугуул буюу харьяат иргэд та бүхнийгээ аз жаргалтай сайхан амьдарч байгааг дурсахад бахдалтай байна.
Шашин соёл
Хүрээ хийд зөвхөн шашин мөргөлийн газар байгаагүй. Тэнд гар урлал, жижиг үйлдвэрлэл, арилжаа худалдаа, зах зээл төвлөрч, хүн ам олноор суурьшин амьдардаг хот маягийн суурин гацаа байсан юм. Төр шашны сургууль, соёл урлагийн салбар цэгүүд хүрээ хийдийн орчим төвлөрч байв. Гадаадын худалдааны дэлгүүр мухлаг, явуулын худалдаачин, шинжээч, судлаачид үйл ажлаа хүрээ хийдийн орчноос эхэлдэг. Аян жин, худалдаа, зам харилцааны төвлөрсөн цэг нь мөн л хүрээ хийд болж байсан аж. Хүрээ хийд нь хот хөдөөг холбох чухал шижим, суурьшмал амьдрал, аж төрөх ёс, соёл иргэншил нэвтрүүлж түгээх гол газар байлаа. Тэнд аж төрөгсдийг лам нар, борчуул, харчуул, дамчуул мөн хүрээ, хороо гэсэн хоёр гол хэсэгт хамруулна. Хүрээ хийд шашин мөргөлийн зан үйл, жаяг дэгээс гадна өөрийн засаг захиргаа, иргэний харъяалалтай байсан юм. Хүрээ хийд байрлалын хувьд дотор, гадна гороон зам буюу их, бага хоёр тойрог, засаг захиргааны хувьд дөрвөн дүүрэг, найман багаас бүрдэж байв.
“Баянзүрх”-ийн хүрээ хийд
Эрдэнэ бандид хутагт Ламын гэгээн Лувсанданзанжацан 1650-аад оны үед өөрийн хийдийг Баян зүрхийн хотгор хэмээх газар 60-аад лам хуврагтай байсан байна. Энд ламын гэгээний хийд нь 4 жарныг өнгөрөөж гэгээний 7 дүр ээлжлимн тодорч 2000 гаруй лам хуврагтай 8 дацан 40-өөд дугантай Сайн ноён хан аймгийн төдийгүй Халх монголын шашны соёл боловсролын томоохон төв байжээ.
Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандида хутагт Ламын гэгээн Лувсанданзанжацан 1650-аад оны үед өөрийн хийдийг Баян зүрхийн хотгор хэмээх газар 60-аад лам хуврагтай байсан байна. Энд ламын гэгээний хийд нь 4 жарныг өнгөрөөж гэгээний 7 дүр ээлжлимн тодорч 2000 гаруй лам хуврагтай 8 дацан 40-өөд дугантай Сайн ноён хан аймгийн төдийгүй Халх монголын шашны соёл боловсролын томоохон төв байжээ.
Халхын анхны хүрээ хамба Лувсанданзанжанцан бол алтан ургийн язгууртан бөгөөд одон зурхай, анагаах ухааны чиглэлээр Дорно дахинд нэрд гарсан эрдэмтэн юм.
“Түйн гол”-ын хүрээ хийд
Засаг ноён Цэвдэнжавын үед 1755 онд дээдийн түмэн өлзийг бататгах ба шашин дэлгэрч хамаг амьтны амгалан жаргалан эдлэхийн тусад тус хошууны нутаг Түйн голын захад Цагаан дэнж хэмээх газар хүрээ сүм барьж цогчин хурал хурж, номын сургууль байгуулсан байна.
20-р зууны эхэн үеэр “Түйн голын хүрээ” нь 200 гаруй ламтай 10 орчим сүм дугантай, 21 сан жас бүхий том хийд байсан байна. Хийдэд зуны эхэн сард Майдар эргэдэг зуны уднд сард маанийн бүтээл хийдэг зуны адаг сард Хайлан хурж Намрын эхэн сард Ганжуур эргэдэг байжээ. Мөн энэ хүрээнд 100 шахам тооны баг бүхий цам гардаг байсан мэдээ байна.
Хошууны их хүрээний гол шүтээн нь Балдан-Лхамо бурхан бөгөөд Ногоон дарь-эхийн хилэнт дүр аж.
Хошууны их хүрээ жил бүрийн зуны адаг сарын 29-нд сор залж, улаан сахиус Бэгз Жамсрангийн өмнөөс чойжин бууна. Энд 16 зорголтой цагаан буга согоо, 2 зулзагатай цаст уулын цагаан арслан, 4 мам /алмас/, 21 дархи, 5 тэнгэр, 10 догшид, 75 махгал, 32 бэгз гээд 218 цам бүжиглэнэ.
1932 оны сүүлчээр тухай үеийн цаг төрийн байдлаас шалтгаалан тус хүрээний хурал ном хаагдаж 1938, 1939 оны үед эзгүйрсэн сүм дугануудыг нураажээ. Энэ хүрээнд байсан олон хийдүүдийн нэг болох Гачин ламын хийд нь анхны хэлбэрээрээ хадгалагдаж үлдсэн ганц хийд юм. 1990-ээд оны үед Эрдэнэцогт сумын төв дээр тус хүрээний хурал номыг сэргээн хийдийн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
"Гачен лам"-ын хийдийг 1990 онд дахин сэргээж, хурал номын үйл ажиллагааг эхлүүлсэн лам нарын төлөөлөл.
XX зууны эхээр энэ хийдэд Гачин хувилгааны VII дүр Лувсандамбийням ламыг залж тэрээр шашин номын ёс, зан үйлийг хариуцаж байжээ. Хошуу нутгаасаа энэ ламын IX дүр Б.Рэнчинсамбууг 2007 онд дахин тодруулж өргөмжилсөн байна.
Одоогийн байдлаар тус хийд нь 30 гаруй лам хуврагтай, 6 ажилтантай хурал номын үйлээ хэрэгжүүлж өдөр тутмынхаа уншлага номоо уншиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг үйлдэж байна.
Сүсэгтэн залуучуудын санаачлагаар 2013 онд хийдийг тойруулан хана хэрэм бүхий 108 суврагыг ард олны хандив тусламжаар бүтээн босгосон билээ.
“Дэлгэр Өлзийт”-хийд
Түйн голын хойд эрэг 1757 онд “Дэлгэр Өлзийт” хэмээх газар нэгэн анги цагаан даяаны суврага босгож “Дашгэмпэллин” /Өлзий хутагт даяаны/ хийдийг байгуулав.
Хийдийн гол шүтээн нь Гомбо, Махгал бурхан, мөн Очирваань бурханыг шүтнэ.
Энэ хийдэд 1870-1912 онд
- мамба /эмч/
- дүйнхор /цагийн хүрд/
- Дэчиндэнхув /титэмт лаврин буюу асарт ордон/ хэмээх 3 томоохон дацан, 10 сүм дугана байжээ.
Дашгэмпэллин /Даяаны/ хийд нь агь жүдийн ёс, нямба бясалгал үйлдэх замаар шашны номлолын чиглэл, зан үйлийг баримталж байсан байна. Энэ хийдэд зочи, төлөгч, гүрэмч, даяанч лам нар голчлон шавилан сууна. Даяа лам нь өөрөө ловон Бадамжунайн хувилгаан гэж өргөмжлөгдсөн улаан малгайтны ёсыг баримталж байсан байна.
Даяаны хийд намрын эхэнсар майдар эргэхдээ 16 дудар бүжигчид, 32 хөгүүчин /хөгжимчид/, Баянтээг, Өлзийт булгийн савдаг зэрэг уул усны эзэд гарч бүжиглэнэ. Хөгжим бүжиг, хөг дуу, ая дангийн сургууль 45-60 хоног хийж, ролом /хөгжмийн/, чамбамба/ бүжгийн/, янч /найрал дууны/ мэргэжлийн багш удирдаж бага, их дэг гэсэн хоёр удаагийн хяналтанд ордог журамтай.
Ян дан /ая дуу/ нь хурдан, аажуу, удаан гурван хэмнэл, аргил, шахмал, цээл, шингэн өнгөөр дуурсах есөн авиа бүхий хоцом /нот/ -той байжээ. Ном уншлагын ян дан, бүжгийн хөдөлгөөн, чогчид чагжийн хөдлөл хувиралт, хөгжмийн бүдэг, тод, чанга, сул айзам хэмнэл, цөм хоцмоор журамлагдана.
Тус хийдийн нилээд лам нар Нар ванчин хутагт, Тавдугаар ноён хутагт, Хүүхэн хутагт зэрэг нөлөө бүхий том лам нартай дотно харилцаатай байсан юм.
"Дашгомболин"-хийд
Хужирын голын Ар улаан даваанд 1756 онд Дашгомболин /Өлзийт сахиусны/ хийд хэмээх 30-аад ламтай цагийн хуралтай мөргөлийн сүм байгуулжээ.
Паньдчойнхорлин хийдийн Чогчин их хамба, гавж Зундуйсодов /1866-1929/-ын “Цогт-Очир айлган үйлдэгч бурханы номын аймаг”, “Диваажингийн по тид”, “Эсэруагийн эгшиг дуун зохиогч Жамъянгарав гэгээний намтар” зэрэг 53 зохиол, Дашгэмпэллин хийдийн хувилгаан лам Лувсанданзансамданлхүндэв /1876-1931/-ийн “Дамдин бурханы нууц бүтээл ламын егүзэр лянхуан эрхис”, “ Барилдлагын зургаан номын тэмдэглэл” зэрэг 22 зохиол бүтээл туурвил нь өнөө үед олдоод байна.
Соёлын өв
Дэлхийд хосгүй соёлын өв:
Эрдэнэцогт, Баян-Овоо сумын ард иргэд нь "дуутай хуруу" хэмээх уламжлалт наадгайг үе уламжлан авч ирсэн юм.
“Дуутай хуруу” нь сэтгэн бодох, гүйлгээ ухааныг сайжруулах, сонсох мэдрэхүй хөгжүүлэх, хэл яриа уран тод хэллэг, хурц ухаан, овсгоо самбаанд сургадаг зэрэг олон онцлог давуу талтай.
“Дуутай хуруу”-аар наадахдаа нүдний хараа хорин хуруунаас гарч буй тоог хараад, маш түргэн хугацаанд тоолох ёстой. Хоёр тал гаргасан хуруугаа хараад бодоод суух биш маш шуурхай сэтгэж, харилцан таалцдагаараа дайчин чанарын мэтгэлцээний тоглоом юм.
Тус нутгаас өөр хаана ч байхгүй соёлын хосгүй өв болсон "Дуутай хуруу"-г Монгол улсын “СОЁЛЫН ӨВ”-д бүртгэсэн.