card

Шашин соёл

Хүрээ хийд зөвхөн шашин мөргөлийн газар байгаагүй. Тэнд гар урлал, жижиг үйлдвэрлэл, арилжаа худалдаа, зах зээл төвлөрч, хүн ам олноор суурьшин амьдардаг хот маягийн суурин гацаа байсан юм. Төр шашны сургууль, соёл урлагийн салбар цэгүүд хүрээ хийдийн орчим төвлөрч байв. Гадаадын худалдааны дэлгүүр мухлаг, явуулын худалдаачин, шинжээч, судлаачид үйл ажлаа хүрээ хийдийн орчноос эхэлдэг. Аян жин, худалдаа, зам харилцааны төвлөрсөн цэг нь мөн л хүрээ хийд болж байсан аж. Хүрээ хийд нь хот хөдөөг холбох чухал шижим, суурьшмал амьдрал, аж төрөх ёс, соёл иргэншил нэвтрүүлж түгээх гол газар байлаа. Тэнд аж төрөгсдийг лам нар, борчуул, харчуул, дамчуул мөн хүрээ, хороо гэсэн хоёр гол хэсэгт хамруулна. Хүрээ хийд шашин мөргөлийн зан үйл, жаяг дэгээс гадна өөрийн засаг захиргаа, иргэний харъяалалтай байсан юм. Хүрээ хийд байрлалын хувьд дотор, гадна гороон зам буюу их, бага хоёр тойрог, засаг захиргааны хувьд дөрвөн дүүрэг, найман багаас бүрдэж байв.

“Баянзүрх”-ийн хүрээ хийд

Эрдэнэ бандид хутагт Ламын гэгээн Лувсанданзанжацан 1650-аад оны үед өөрийн хийдийг Баян зүрхийн хотгор хэмээх газар 60-аад лам хуврагтай байсан байна. Энд ламын гэгээний хийд нь 4 жарныг өнгөрөөж гэгээний 7 дүр ээлжлимн тодорч 2000 гаруй лам хуврагтай 8 дацан 40-өөд дугантай Сайн ноён хан аймгийн төдийгүй Халх монголын шашны соёл боловсролын томоохон төв байжээ.

Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандида хутагт Ламын гэгээн Лувсанданзанжацан 1650-аад оны үед өөрийн хийдийг Баян зүрхийн хотгор хэмээх газар 60-аад лам хуврагтай байсан байна. Энд ламын гэгээний хийд нь 4 жарныг өнгөрөөж гэгээний 7 дүр ээлжлимн тодорч 2000 гаруй лам хуврагтай 8 дацан 40-өөд дугантай Сайн ноён хан аймгийн төдийгүй Халх монголын шашны соёл боловсролын томоохон төв байжээ.

Халхын анхны хүрээ хамба Лувсанданзанжанцан бол алтан ургийн язгууртан бөгөөд одон зурхай, анагаах ухааны чиглэлээр Дорно дахинд нэрд гарсан эрдэмтэн юм.

“Түйн гол”-ын хүрээ хийд

Засаг ноён Цэвдэнжавын үед 1755 онд дээдийн түмэн өлзийг бататгах ба шашин дэлгэрч хамаг амьтны амгалан жаргалан эдлэхийн тусад тус хошууны нутаг Түйн голын захад Цагаан дэнж хэмээх газар хүрээ сүм барьж цогчин хурал хурж, номын сургууль байгуулсан байна.

20-р зууны эхэн үеэр “Түйн голын хүрээ” нь 200 гаруй ламтай 10 орчим сүм дугантай, 21 сан жас бүхий том хийд байсан байна. Хийдэд зуны эхэн сард Майдар эргэдэг зуны уднд сард маанийн бүтээл хийдэг зуны адаг сард Хайлан хурж Намрын эхэн сард Ганжуур эргэдэг байжээ. Мөн энэ хүрээнд 100 шахам тооны баг бүхий цам гардаг байсан мэдээ байна.

Хошууны их хүрээний гол шүтээн нь Балдан-Лхамо бурхан бөгөөд Ногоон дарь-эхийн хилэнт дүр аж.

Хошууны их хүрээ жил бүрийн зуны адаг сарын 29-нд сор залж, улаан сахиус Бэгз Жамсрангийн өмнөөс чойжин бууна. Энд 16 зорголтой цагаан буга согоо, 2 зулзагатай цаст уулын цагаан арслан, 4 мам /алмас/, 21 дархи, 5 тэнгэр, 10 догшид, 75 махгал, 32 бэгз гээд 218 цам бүжиглэнэ.

1932 оны сүүлчээр тухай үеийн цаг төрийн байдлаас шалтгаалан тус хүрээний хурал ном хаагдаж 1938, 1939 оны үед эзгүйрсэн сүм дугануудыг нураажээ. Энэ хүрээнд байсан олон хийдүүдийн нэг болох Гачин ламын хийд нь анхны хэлбэрээрээ хадгалагдаж үлдсэн ганц хийд юм. 1990-ээд оны үед Эрдэнэцогт сумын төв дээр тус хүрээний хурал номыг сэргээн хийдийн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

XX зууны эхээр энэ хийдэд Гачин хувилгааны VII дүр Лувсандамбийням ламыг залж тэрээр шашин номын ёс, зан үйлийг хариуцаж байжээ. Хошуу нутгаасаа энэ ламын IX дүр Б.Рэнчинсамбууг 2007 онд дахин тодруулж өргөмжилсөн байна.

Одоогийн байдлаар тус хийд нь 30 гаруй лам хуврагтай, 6 ажилтантай хурал номын үйлээ хэрэгжүүлж өдөр тутмынхаа уншлага номоо уншиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг үйлдэж байна.

Сүсэгтэн залуучуудын санаачлагаар 2013 онд хийдийг тойруулан хана хэрэм бүхий 108 суврагыг ард олны хандив тусламжаар бүтээн босгосон билээ.

“Дэлгэр Өлзийт”-хийд

Түйн голын хойд эрэг 1757 онд “Дэлгэр Өлзийт” хэмээх газар нэгэн анги цагаан даяаны суврага босгож “Дашгэмпэллин” /Өлзий хутагт даяаны/ хийдийг байгуулав.

Хийдийн гол шүтээн нь Гомбо, Махгал бурхан, мөн Очирваань бурханыг шүтнэ.

Энэ хийдэд 1870-1912 онд

  • мамба /эмч/
  • дүйнхор /цагийн хүрд/
  • Дэчиндэнхув /титэмт лаврин буюу асарт ордон/ хэмээх 3 томоохон дацан, 10 сүм дугана байжээ.

Дашгэмпэллин /Даяаны/ хийд нь агь жүдийн ёс, нямба бясалгал үйлдэх замаар шашны номлолын чиглэл, зан үйлийг баримталж байсан байна. Энэ хийдэд зочи, төлөгч, гүрэмч, даяанч лам нар голчлон шавилан сууна. Даяа лам нь өөрөө ловон Бадамжунайн хувилгаан гэж өргөмжлөгдсөн улаан малгайтны ёсыг баримталж байсан байна.

Даяаны хийд намрын эхэнсар майдар эргэхдээ 16 дудар бүжигчид, 32 хөгүүчин /хөгжимчид/, Баянтээг, Өлзийт булгийн савдаг зэрэг уул усны эзэд гарч бүжиглэнэ. Хөгжим бүжиг, хөг дуу, ая дангийн сургууль 45-60 хоног хийж, ролом /хөгжмийн/, чамбамба/ бүжгийн/, янч /найрал дууны/ мэргэжлийн багш удирдаж бага, их дэг гэсэн хоёр удаагийн хяналтанд ордог журамтай.

Ян дан /ая дуу/ нь хурдан, аажуу, удаан гурван хэмнэл, аргил, шахмал, цээл, шингэн өнгөөр дуурсах есөн авиа бүхий хоцом /нот/ -той байжээ. Ном уншлагын ян дан, бүжгийн хөдөлгөөн, чогчид чагжийн хөдлөл хувиралт, хөгжмийн бүдэг, тод, чанга, сул айзам хэмнэл, цөм хоцмоор журамлагдана.

Тус хийдийн нилээд лам нар Нар ванчин хутагт, Тавдугаар ноён хутагт, Хүүхэн хутагт зэрэг нөлөө бүхий том лам нартай дотно харилцаатай байсан юм.

"Дашгомболин"-хийд

Хужирын голын Ар улаан даваанд 1756 онд Дашгомболин /Өлзийт сахиусны/ хийд хэмээх 30-аад ламтай цагийн хуралтай мөргөлийн сүм байгуулжээ.

Паньдчойнхорлин хийдийн Чогчин их хамба, гавж Зундуйсодов /1866-1929/-ын “Цогт-Очир айлган үйлдэгч бурханы номын аймаг”, “Диваажингийн по тид”, “Эсэруагийн эгшиг дуун зохиогч Жамъянгарав гэгээний намтар” зэрэг 53 зохиол, Дашгэмпэллин хийдийн хувилгаан лам Лувсанданзансамданлхүндэв /1876-1931/-ийн “Дамдин бурханы нууц бүтээл ламын егүзэр лянхуан эрхис”, “ Барилдлагын зургаан номын тэмдэглэл” зэрэг 22 зохиол бүтээл туурвил нь өнөө үед олдоод байна.