Хөдөө орон нутагт сүү үйлдвэрлэлийн, ялангуяа сарлагийн сүү боловсруулах оновчтой загвар гаргах тал дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Сүүн билэгдэл” ХХК санаачлан ажиллаж байна.
Компанийн захирал С.Цэцгээгийн аав Дашийн Сэр-Од нь Эрдэнэцогт суманд төрж өссөн, бага, дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд хуучнаар ЗХУын Эрхүү хотод эдийн засагч мэргэжил эзэмшиж төр засагтаа мэргэжилтнээс орлогч сайд, Олон улсын байгууллагад эксперт, ШУТИС-ийн аж ахуй эрхэлсэн проректор зэрэг албан тушаал хашиж байсан нутгийн уугуул сэхээтэн хүн юм. Охин С.Цэцгээ нь сүүний үйлдвэрийн инженер-технологич, хүнс үйлдвэрлэлийн салбарын Зөвлөх инженер, төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд, хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн. Тэтгэвэртэй гарангуут эцгийнхээ нутагт гэр бүлийн хамтаар ирж мэргэжил, сонирхлын дагуу сарлагийн сүү боловсруулж бяслаг хийх загварыг туршиж амьдралд хэрэгжүүлж байна.
“Сүүн билэгдэл” ХХК бол гэр бүлийн компани бөгөөд 2014 оноос Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд Бяслаг, цагаан идээний үйлдвэрлэл-сургалтын төвийг ашиглалтанд оруулжээ. 2 жилийн хугацаанд үндсэн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 260.0 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд, 2017 оны эцэс гэхэд Чингис бонд, Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг бүрэн дарж дуусгаад дараагийн шат буюу үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, Хонгор брэндийн доор 3-с доошгүй бяслагийг зах зээлд таниулж баталгаажуулах зэрэг ажлуудыг гүцэтгэж байна.
“Сүүн билэгдэл” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл нь манай орны бэлчээрийн мал аж ахуйд суурилсан, алслагдсан бүс нутгийн сүү үйлдвэрлэлийн загвар юм.
Европ улс орноос гарал үүсэлтэй Гриере, Тилзит, Чеддар, Моззарелла зэрэг алдартай бяслаг хийх технологийг манай орны улирлын чанартай сүү үйлдвэрлэлд тохируулж нутагшуулж сарлагийн сүүг голлох түүхий эд болгон ашиглажээ. Манай орны хувьд энэ ажлыг зөвхөн 6-9 саруудад сүү илбэг үед хийх боломжтой. Зундаа хийсэн бяслагийг бусад үед зах зээл төвлөрсөн газарт борлуулаад нэг жилийн цикл эргэлттэй явах энэхүү бизнес тийм ч амар хэрэгжсэнгүй.
2014 онд “Сүүн билэгдэл” ХХК нь Эрдэнэцогт сумын 8 айл өрхөөс сүү худалдан авч 500 кг бяслаг, 100 кг цөцгийн тс, 400 кг аарц тус ус үйлдвэрлэсэн бол 2015 онд 10-д малчин өрхөөс сүү хүлээн авч 1 тонн бяслаг, 200 кг цөцгийн тос, аарц, ааруул, тараг, зөөхий зэрэг бусад сүүн бүтээгдэхүүнийг туршиж үйлдвэрлэжээ. Малчдаас нийлүүлж байгаа сарлагийн сүүний чанар үйлдвэрийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох Эрдэнэцогт Тилзит бяслаг /2 сарын бойжилттой/, цөцгийн тос, тосгүй сүүний аарц ч сайн чанартай болж хэрэглэгчдэд танигдаад эхэллээ. Компанийн гол бүтээгдэхүүн Эрдэнэцогт-Тилзит бяслаг нь 2015 оны Баянхонгор аймгийн “Намрын Ногоон Өдрүүд-2015”, “Хангайн бүсийн Түншлэл Орхон-2015” үзэсгэлэн худалдаануудаас дээд шагнал Гран При-г тус тус авсан байна.
2016 онд үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлж нийт 2 тонн гаруй бяслаг үйлдвэрлэсэн байна. Сайн мэдээ бол Улаанбаатарт 2016 онд үйл ажиллагаа нь эхэлсэн дээд зэрэглэлийн Шангри-Ла, Сити Тауэр зочид буудал, ресторанууд Эрдэнэцогт суманд үйлдвэрлэсэн сарлагийн бяслагийг худалдан авч тусгай зочиддоо зоог барьж эхэлсэн ба Номин супермаркетуудын лангуй дээр ч импортын бяслагны хажуугаар зэрэгцэж оршин тогтнож байгаа юм байна.
2017 онд Баянхонгор аймгийн ихэнх сумдад гантай байж, зуншлага оройтсоноор бяслагны бизнест сөргөөр нөлөөлж үйлдвэрлэлийг зогсонги болгосон. Гэсэн ч компанийн зүгээс 2018, 2019 онд үйлдвэрлэлийг үргэжлүүлэн явуулсан.
2016-2019 онуудад Непал улсын иргэн, Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн 10-д хүн, Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн 5 хүнийг Эрдэнэцогтын үйлдвэр дээр дадлагжуулсанаас гадна, компаний захирал С.Цэцгээ нь Африкийн Руанда улсад ажиллаж бяслаг болон цагаан идээний үйлдвэрлэлийн сургалтыг тус тус явуулжээ. Мөн 2019 онд Баян-Өлгий аймгийн Бугат, Увс аймгийн Сагил сумдад Эрдэнэцогтын сум дахь үйлдвэрийн хүчин чадалтай үнээний сүү боловсруулах 2 үйлдвэр цехийг ашиглалтанд оруулж орон нутгийн бага оврын сүү боловсруулах үйлдвэр цехийг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Танилцуулга бэлдсэн: С.Цэцгээ, Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарын Зөвлөх инженер
И-мэйл хаяг: [email protected]
Утас: 99113784, 99760000