Газар нутаг
Монгол орны баруун зүгийн нутгийн зүүн хэсэгт хангайн нурууны салбар уулсын өндөр уулын бүсэд, дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн 46,5 градус баруун уртрагийн 101 градуст, далайн төвшнөөс дээш 1800-3500 метрт өргөгдсөн 409,7 га газрыг эдлэн оршино. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь Улаанбаатар хотоос 648 км аймгийн төвөөс 28 км –т оршдог. Нийт нутгийн 77,3 хувийг малын бэлчээрийн талбай, 10,4 хувийг ой мод, хяр нуруу, хад асга, 6.3 хувийг хадлан тариалангийн талбай, 6 хувийг голын ус, сайр, хайрга эзлэн оршдог.
.jpg)
Сумын нутгийн хамгийн өндөр цэг нь Эрхэт хайрхан бөгөөд далайн төвшнөөс дээш 3535 метр өргөгдсөн. Овгор хүрэн, Мянган угалзын нуруу, Ёлын тогоо, Баянзүрх хайрхан мэт өндөр уулс Хөлс сая, Хөлчүүт, Намын Гялалзах, Тонгорог, Цагаан хад, Хөлсая, Суу, Илбэх, Хужирт, Ар гурван таг, Нэвш, Хошгот, Баяндаваа, Агуйтын дарцагт, Эрхэт хайрханы цаст анаг царам, аглаг сүрлэг уулс, Овоот, Гүүт, Хээр, Асгамба, Жаргалант, Дөвөнт, Хүйтэн сайр, Хөх ганга, Гучингийн ухаа шаргал нурууд үргэлжилнэ. Уул нуруудын хооронд Хөх бүрд, Шар бүрд, Дуурсах, Шар хөндий, Талын гүн гээд хөв цайдам, гүвээ толгод, хөндий, хоолой, хөнөг цав, дэл сэрвэн алагласаар бэсрэг толгод, аараг оорцог тээгүүд үргэлжлэн говирхог тал хөндий болон цэлийнэ.
Зодох, Хөвшихийн 13 тээг, Улаан, Цагаан 5 өнгийн дэл, 300 өвөлжөөтэй Гучингийн нуруу, холбоо найман нууртай урд Үүдийн хөндий, 150 м хөндлөн огтлолтой 30-40 м гүн бүхий Дөш хайрхан /сөнөсөн галтуул/, хагас сая жилийн тэртээ балар эртний хүн амьдарч байсан Уран хайрхан уулын бууц газар, 2,5 м өндөр Тамчийн цагаан хөшөө, Цагаан дэлийн агуй, Мэлтэсийн тээгийн хадны бичээс, сүг зураг, Хөх бүрдийн хүн чулуу, Доромтын таван хөшөө, шатар чулуу, нохой чулуу, Нарийн гол, Уу булан, Улиастай, Цагаан эрэг, Хүрэн толгой, Дархан давааны усалгаатай талбай, далан, сувгийн оромж, Түйн голын Бор толгойн хотын туурь, цонж хэрэм, Хужирын голын амны буган хөшөө, Уртын хар, Түйн голын өртөө зам зэрэг байгаль түүхийн дурсгалаар баялаг газар нутаг олон бий.
.jpg)
Ундармал устай булаг, шанд олонтой бөгөөд хангайн нуруунаас эх авсан Түй, Урт, “Хужир”, Шаргалзуут, 4 жаргалант, Үхэг, Өртөмт, Намын гол зэрэг голын сав нутаг, түүнд нийлэх 38 гол горхи, 50 гаруй булаг шанд, Цагаан нуур, Хөх бүрд, Үүдийн нуур зэргийг ай савандаа нэгтгэсэн Түйн гол нь тус аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянхонгор сумдын нутгаар дамжин 243 км урсан Орог нуурт цутгадаг. Түйн гол нь Баянхонгор аймгийн төвийн хүн амын ундны усны эх /усан сан/ үүсвэр юм.
.jpg)
Сумын нутагт Шаргалзуут, Дөрөлж, Цагаанбулаг, Сонгинотын харз зэрэг халуун хүйтэн усны ундаргатай олон рашаантай.
Нутгийн хойт уулсыг даган ургасан хар мод, бор цагаан бургас, далан хайлс, чаргай зэрэг шилмүүст мод ургадаг. Зарим уулархаг нутгаар бүүргэнэ, боролзгоны толгой, зэрлэг сахилдаг, үхэр хулгана, мэхээр, сонгино, цагаан төмс, айргана, алтан гагнуур, алтан хундага, царван, нохойн хошуу, гоньд, ванчингарав, хөх шар дэгд, цагаан түрүү, эрээн гомбо зэрэг эмийн ургамал ургадаг нь монгол орны эмийн ургамалын үндсэн хэсгийг бүрдүүдлэг. Сумын нутагт чулуун нүүрс, хар тугалга, цахиуржсан мана, алт зэрэг ашигт малтмалаас гадна барилгын материал шар хөх элс, цайвар наанг шавар, хүрмэн чулуу зэрэг байдаг.
Өндөр уулын бүсэд аргаль, янгир, дорго, хэрэм, жирх, чоно, үнэг, хярс бор цагаан туулай, мануул, тарвага зэрэг амьтад нутагшин амьдардаг. Жигүүртнээс сойр, тас , ёл, уйл харцага, хойлог, тоншуул, хэрээ, шаазгай, тагтаа, турлиах, болжмор, алаг ятуу, ногтруу зэрэг шувууд элээ, галуу, нугас, ангир, өвөөлж, хун, бор галуу, тогоруу, цахлай гэх мэт нүүдлийн шувууд байдаг.
Шаргалжуутын рашаан
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.
.jpg)
Судалгааны дүгнэлтээс үзэхэд олонх булаг рашаанууд нь нэг төрөлд багтах ба зарим рашаан нь халууны хэмжээ, орчны урвал зэргээрээ ялгаатай боловч гидрокарбонат, карбонат, сульфатлаг натри голлож, халуун нь 43-95 хэмийн хооронд хэлбэлзэж байжээ. Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй.
Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ.
.jpg)
Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг. Жилд нийт сувилуулсан хүний 40.5% буюу 1850 хүртэл хүн нь Улаанбаатар хотоос ирж сувилуулдаг байна. 470-600 хүн нь Баянхонгор аймгийн харъяат хүмүүс байдаг байна. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.
“Шаргалжуут” хэмээх нэрийн учир: Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна.
.jpg)
Тал хангай хосолсон байгалийн баялаг элбэгтэй урсгал усны их ундаргатай ийм сайхан нутагтаа, ураг удмаараа өвлөн ирсэн уугуул буюу харьяат иргэд та бүхнийгээ аз жаргалтай сайхан амьдарч байгааг дурсахад бахдалтай байна.

