УЛААНБААТАР. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Эв нэгдэлтэй Эрдэнэцогтчууд” нөхөрсөг спортын тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "Хавай" цогцолборт амжилттай боллоо. Эл үйл ажиллагааг сумын ИТХ, ЗДТГ болон Ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Эрдэнэцогт сумаар овоглосон үе үеийн иргэд, төгсөгчдийг нэгтгэсэн томоохон үйл явдал болов.

Энэхүү тэмцээн нь нэгэн зууны түүхтэй тус сумын сургуулийн ойг угтаж, төгсөгчдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, нутгийн иргэдийн эв нэгдэл, харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой бөгөөд зөвхөн спортын өрсөлдөөн бус, нутаг нэгтнүүд хүүхэд насны дурсамжаараа аялж, халуун дотноор хуучлах таатай боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.
Тэмцээнд 20 төгсөлтийн 20 баг нийт 300 гаруй тамирчид, хөгжөөн дэмжигч оролцож, волейбол, ширээний теннис, дартс, корнхолл гэсэн спортын дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд волейболын олон улсын хэмжээний мастер шүүгч н.Дэлгэр, ширээний теннисний олон улсын шүүгч н.Бат-Өлзий нар ажиллаж, тэмцээнийг мэргэжлийн өндөр түвшинд шүүн явуулав.

Арга хэмжээг зохион байгуулахад Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат болон 1998 оны төгсөлтийн анги хамт олон санхүүгийн бодит дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, Э.Энхбат заалны түрээсийн өдрийн зардлыг, 1998 оны төгсөгчид 900,000 төгрөгийн хандив өргөж, хувь нэмэр орууллаа. Мөн Эрдэнэцогт сумын ЕБС-ийн удирдлагуудын зүгээс хүрэлцэн ирсэн үе үеийн төгсөгчдөд нэрийн бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Тэмцээнийг зохион байгуулагч Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд болон нийт оролцогчдод хандан талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

