Эрхэм зорилго
Эрдэнэцогт сумын Нутгийн зөвлөл нь унаган нутгийнхаа иргэдийн оролцоо, идэвхи санаачлагыг өрнүүлэн нутгийн хөгжил дэвшилд дэм болох, ариун дагшин байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, нутаг орныхоо түүх соёл, уламжлалт зан заншлыг судлах, түгээн дэлгэрүүлэх, төрөлх нутгаасаа төрөн гарсан алдар гавьяатнууд, ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоог улам бататгаж, хамтран ажиллана.
Үйл ажиллагаа
Бид: Улаанбаатар хот болон эх орныхоо бусад аймаг, сум, хот, гадаад улс оронд сурч, ажиллаж амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний мэдлэг боловсрол, арвин туршлагыг нэгтгэж, эргэх холбоог бэхжүүлж ажиллана.
Бид: Эцэг өвгөдийн үеэс нандигнан хайрлан хамгаалж ирсэн газар шороо, байгаль дэлхийгээ ариун дагшин унаган төрхөөр нь байлгахад онцгой анхаарна.
Бид: Нутгийнхаа хөгжлийг үе дамжуулан буухиалан авчирч, өнөөдөртэй золгуулсан үе үеийн ахмад буурлуудынхаа намтар түүхийг тодруулан сурвалжлах, нутаг орон, ард иргэдийнхээ аж амьдрал, ёс заншилтай холбоотой түүхэн баримтыг эрж цуглуулах, сурталчилан таниулах, хойч үедээ уламжлуулан танин мэдүүлнэ.
Бид: Сумынхаа ард иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, уугуул иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж, сум орныг хөгжүүлэх ажилд татан оролцуулах, хөгжил, дэвшилд дэмжлэг туслалцаа үзүүлэх аливаа санал санаачилгыг хүлээн авч, нутаг орноо хөгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.
“Эрдэнэцогт сумын нутгийн зөвлөл”-ийн товч түүх
Улаабаатар хот дахь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сэхээтнүүдийн төлөөлөл 1991 онд байгуулсан байна. Тухайн хуралд орон нутгаас Л.Пүрэвгял дарга ирж оролцсон ба анхны даргаар С.Рагчааг сонгосон байна.
- С.Рагчаа 1991-1994 он
- Д.Мандах 1994-2001 он
- Ц.Маам 2001-2005 он
- Г.Батсүх 2005-2007 он
- Д.Чимэддагва 2007- 2009 он
- Э.Содномжамц 2009-2013 он
- Н.Цэрэндорж 2013-2019 он
- Н.Магсаржав 2019 оноос нутгийн зөвлөлийг удирдан ажиллаж байна
.png)
Нутгийн зөвлөл нь Түүхт ой тэмдэглэлт жилүүдэд сүм хийдэд судар ном залах, малчдын эрүүл мэндийг үзэх зэрэг ажилд нутгийн зөвлөлөөс идэвхи санаачлагатай оролцож ирсэн байна.
Нутгийн зөвлөл нь сум орон нутагтайгаа холбоотой ажиллаж жил бүр орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран Улаанбаатар хотод, оршин амьдарч байгаа нуттийн ахан олныхоо хүрээнд сар шийн баярыг зохион байгуулдаг уламжлалтай.
Н.Цэрэндорж даргатай хамт олон Г.Лхагвасүрэн, А.Шарав, Ц.Ичинхорлоо, Д.Лхагвасүрэн, А.Базаррагчаа, О.Мишиг, Ч.Ганбат, Н.Дашцэрэн, Ё.Доржбат, Б.Дашдорж, Д.Баатарсайхан, М.Зундуйдаваа, Г.Жамц, Ц.Базарханд нар Эрдэнэцогт сумын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сум орон нутгийнхаа зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцох тодорхой ажлуудыг бие даан хийх, хамтран гүйцэтгэх хувь хүмүүс болон ахан дүүсээрээ зарим нэг томоохон ажлыг хөрөнгө санхүүгээ гарган хийж гүйцэттэх, мөнгө хандивлах бүтээн байгуулалтын тодорхой ажлуудад гар бие оролцох зэргээр идэвхийлэн ажилласан.

Тухайлбал: Сумын түүхийн номыг шинэчлэн бичих, нутаг усныхаа тухай кино хийх, Сумын ойн тэмдэг хийлгэх, сум орон нутгаас төрж гарсан алдартнуудын хөрөг зургийг соёлын төвд байршуулах, улсын начин П.Шагдар, н.Гарьдын хонгор азарганы хөшөө дурсгал босгох болон бусад ажлыг хийхэд оролцсон.
Тус нутгаас өөр хаана ч байхгүй соёлын хосгүй өв болсон "Дуутай хуруу"-г Монгол улсын “СОЁЛЫН ӨВ”-д бүртгүүлэх ажлыг зохион байгуулсан.
Нутгийн зөвлөлийн хамт олон



